Хөгжлийн банк ногоон зээлийн хэмжээг 2030 он гэхэд 15 хувьд хүргэх зорилготой
3 сар, 1 өдөр өмнө
ХӨГЖЛИЙН БАНК НОГООН ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ 2030 ОН ГЭХЭД 15 ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
Монгол Улсын Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичгээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох MUFG банкны тогтвортой санхүүжилтийн зөвлөх багтай хамтран боловсруулж, “Moody’s Rating” олон улсын үнэлгээний байгууллагаар энэ оны долдугаар сард баталгаажуулсан.
Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичигтэй болсноор эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, ус болон хаягдал усны тогтвортой менежмент зэрэг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд манай улсын хувьд орлогод нийцсэн орон сууц, суурь дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
Мөн усны хомсдол, усны чанарын асуудлыг шийдвэрлэх зорилготой байгууламжийн төслүүд, ус дахин боловсруулах буюу бохир ус цэвэрлэх барилга байгууламж барих төслүүд нь ногоон төсөлд хамаарах учраас санхүүжилт олгох боломжтой. Тухайн төслийн гол шалгуур нь Үндэсний ногоон таксономийн дагуу багадаа усны 20%-ийн хэмнэлт үүсгэх ёстой юм.
Хөгжлийн банкны зээлийн багцын ногоон таксономид нийцэж байгаа хувь хэмжээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 5% орчим байгаа юм. Үүнд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх, усны хэмнэлттэй эко цементийн үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах, малын гаралтай органик бордоо хийх, цахилгаан автобусаар парк шинэчлэх зэрэг төслийг нэрлэж болно.
Энэ хувь хэмжээг 2030 он гэхэд 15 хувь хүртэл нэмэгдүүлэх нь Тогтвортой санхүүжилтийн хүрээнд тавьж буй гол зорилт юм.