2 жил, 5 өдөр өмнө
Жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дархан хотод баригдаж, ажлын гүйцэтгэл нь 65 хувьтай байсан ч сүүлийн хоёр жилд зогсонги байдалд ороод буй. Иймээс тухайн төслийг хэрэгжүүлэгч “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн зүгээс “бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон” шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, одоогийн сайд Х.Болорчулуун, тус яамны удирдах, нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу АТГ-аас тодруулахад "гомдлыг хянан үзээд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна" гэлаа.
Өөрөөр хэлбэл, сайд Х.Болорчулуун тэргүүтэй яамны удирдлагууд АТГ-т шалгагдаж эхэлжээ.
Тэдний буруудаж байгаа шалтгаан нь, хувийн хэвшлийн 65 хувьтай бүтээн байгуулж байсан ажлыг гацаасан хэрэг. Тодруулбал, тухайн бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажилд дэмжлэг үзүүлэх, хамтран хувь эзэмших эрхийг эзэмшдэг “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” (ДАШЦББ) ТӨХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн, хувийн хэвшилтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулах буюу үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж эхэлсэн нь хувийн хэвшлийн ажил зогсох шалтгаан болсон юм.
Ийнхүү хувийн хэвшлийн бүтээн байгуулалт ч зогсож, ТӨХХК-ийг ч татан буулгах шийдвэрт Засгийн газар хүрч, үндсэндээ арьс шир боловсруулах ажил дахин урт хугацаагаар гацаж байгаа нь улс даяараа хүртэж буй хамгийн том хор хохирол болоод байгаа юм.
Мөн уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ч хэрэг хянагдаж буй билээ.