Төр түшнэ гэдэг гаднын хэдэн шоу нэвтрүүлгийг гайгүй сайн хуулахын нэр биш ээ, аавынхаа компанийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллахтай ч харьцуулах юм биш. Аль ч намын гишүүн биш гэж намтартаа бичүүлчихээд ашиг сонирхлын асар том бүлэглэлд багтаж суудаг ч алба биш. Ч.Номин бол 38 настай, энэ төрийн хамгийн залуу сайд, зүй нь дэмжээд л сууж баймаар залуу үе. Гэхдээ Ч.Номин бол Монгол дахь кастын системийг өөрөө ч ухамсарлахгүйгээр дэмжигчдийн хамгийн том төлөөлөл. Төрийн сайд хийхийг Тэрэлж сүйх амралтын газартаа гишүүд сайд нарыг цуглуулж, уулгаж идүүлж, найрлан назгайрах явдал гэж ойлгоод байж болохгүй. Газар тариалангийн салбарын хамгийн том татаас залгигч "Гачуурт" компаниас илүү Сэлэнгийн тариаланчид, Орхон, Онон мөрнийг бараадсан ногоочид энэ улсыг төмс хүнсний ногоогоор бор зүрх, божин бор гараараа чадан ядан хангадаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ төрд гадаадын их дээд сургууль дүүргэж, өнгөтэйг өмсөж, өнөтэйг эдэлж өссөн, юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш гэдгийг бүгд харж байна. Төрийн сэнтий, төрлийн хэлхээгээ ядаж ялгаж салгадаг байж сайд хийж, саад гэтэлдэг юм шүү дээ. Гэтэл яав? Улс түмний хүссэнээр Улсын циркийг төрд буцааж авчирсангүй. Оронд нь 21 аймагт нүүдлийн цирк тоглуулна гэж 210 саяыг л төсөвт суулгууллаа. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж үүнийг хэлдэг юм. Циркийг л лав Соёлын сайд маань ах дүү луйварчдаас аваад ирэх сэтгэлгүй юм байна, чадахгүй ч биз, чацга нэгтэй болсон гэж ойлгох уу, чадал дутлаа гэж үзэх үү? Соёлын сайдын Төрийн ордонд төмс тараах юу ч биш ээ. Нөгөө хэдэн учраа олохгүй, учраагаа ялгахгүй удаж байгаа гишүүдийг чинь Тэрэлж сүйхдээ нэг бус цуглуулж дайлсан гэж байгаа. Очсон өдрийнхөө орой "Ах аа надад туслаарай, эгч ээ намайг дэмжээрэй" гээд л дунд нь тонголзоод тормойтол хөвж өгнө. Хамтдаа ууж идэж, хатны ёсоор дайлж цайлж, бүжиглэж бужигнаж хоночихоод, өглөө нь өнөө хөөрхөн Номин чинь эрс хувирна. Ширээ ахалж, шил нь татаж, хөлөө ачиж суучихаад " За зүгээр үү, сайхан амарцгаасан уу, хөөе тэр ээ, тэгвэл яасан юм бэ?" гээд юмны эзэн, сумны занги болчихсон угтдаг гэж нэг бус гишүүн нэжгээд бус удаа хэлцэх л юм билээ. Хүний хоол идэж, хүний тансаг амралтанд тухалсан нөгөө муу гишүүд яахав дээ, гөлөг болдог юм байгаа биз дээ. Төр барих чинь ийм амархан юм уу гэсэн яриа ч бас гарсан л байсан. Ер нь бол эдийн засагчаар төгссөн хүнийг хөрөнгө харж соёлын салбартаа тахичихаад гоочлуулаад байдаг нь сайдын суудалдаа төлж буй үнэ хөлс нь юм л даа, МонголТВ-дээ хэчнээн хөөрхөн байлаа. Ямартай ч Номин гэдэг мөнгөгүй Засгийн мөнгөтэй гүнж Соёлын яамандаа 272.4 тэрбумын төсөв батлуулж чадлаа. Энэ мөнгөөр юу хийхийг нь харж л байя. Тэнд Нара, Ганжавхлан хоёр хандив цуглуулаад соёлын ажил хийгээд гүйгээд байдаг, энд 272 тэрбумын төсөвтэй Соёлын сайд Номин тэднээс илүү гарч, бэрхийг туулж, ихийг хийж чадах уу? Соёлын яам бол анх байгуулагдаж, Ч.Номинг сайдаар томилсон цагаасаа төр дэх кастын системийг хөгжүүлсэн газар. Энэ яамнаас хөрөнгөждөг хэдхэн хүн бий, эдүгээ дэндүү тодорхой болсон. Тэр хэдхэн тэжээврээ даган эргэлдэж, түүнийгээ төр түшиж байна гэж эндүүрч, Тэрэлж сүйхийн хэдэн таваг хоол, хэдэн шил виски, Гачууртын төмсөөр улсаа хэмжиж, ууж идэхээ зохицуулж байгаа бол ухрах араандаа гацжээ гэсэн үг. Үүнийг л санаж яв. Үлгэр эхэлсэнтэйгээ адил төгсдөггүй юм шүү. Төр дэх кастын системийг хөгжүүлээд, юмтай айлын сумтай хүүхэн өөрийгөө тойрсон өчүүхэн сонирхлуудаар өнгөт нийгэм бүтээгээд болоод байна гэхээр баян ядуу, бандгар туранхайн ялгаа балай их өндрөө авчээ гээд хэлчихэд буруудахгүй. Бэрхийн хүүгийн тоглоомын Засгийн бэл, өнгө хоёр нь болж явах ёстой юм уу, бэрхийг туулж, соёлыг санагалзан нурж яваа ард түмнийхээ савангаас эхэлдэг соёл, угаалгын нунтагаас анхалдаг соёлч байдал, урлаг соёлоор өртөөлдөг уламжлал шинэчлэлийн гүүр байх ёстой юу, бодоод үзээрэй. Энэ төвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд энэ төрийн гялгар гоёл, ганхсан хундаганы чимэг болохоосоо илүү утга учир, агуулга анир нь болж явах учиртай юм. Ч.Номинг ордонд төмс тараагаад учраа олохгүй гүйж явахад наана чинь М Ойл-ын Пунсалмаа 1000 эмэгтэйг ажлын байраар хангаад, экспортын савангийн 50 хувийг нийлүүлэх үйлдвэр байгуулаад, хөдөөний бүсгүйчүүдэд соёлыг түгээгээд, боловсролыг уламжлаад, ээж, эмэгтэйчүүдээр нь дамжуулан өрх гэрийг өөрчлөх гээд явж байна. Нүдээ нээ дээ, монголчуудыг төмс байцаа идүүлж, түмпэнд хувцсаа угаадаг болохоос эхлээд, театрт жүжиг үздэг, танц эргэдэг болтол соёлжуулах гэж зүтгэж ирсэн С.Янжмаа, С.Удвал, Э.Оюун, Р.Пагмадулам, Ц.Мөнхөө нарынхаа намтрыг унш даа. Тэгээд дараа нь А.Меркел, Хиллари Клинтон, К.Райс нарыг имрээд үзээрэй.