Техник технологи, интернэтийн эрэн үед үүнээс улбаалсан нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна.
Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 326 цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковид-19 халдварын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм, хурдацтай нэмэгдэж буй цахим хэрэглээ зэргээс шууд шалтгаант холбоотой юм.
ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар программчилсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм.
Мөн цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэд нь бусад төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэгт холбогдож эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдал нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Иймд иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй гэдгийг санаж харин бүхэл бүтэн босгосон амьдралаа үгүй хийх аюул хүлээж байдаг хэмээн ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.