ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛЛАА

2 сар, 3 өдөр өмнө

Баянгол дүүрэг нь 2024 оны “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор дүүргийн ЗДТГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч нарт сургалт зохион байгуулсан.
Энэ үеэр сэтгэл зүйч нар ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг өрөө нь үйлчилгээ үзүүлэхэд тохижилт муутай, зарим сургууль сэтгэл зүйчийн өрөөгүй. Иймд энэ асуудалд анхаарал хандуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дүүргийн Засаг даргад тавьж байсан юм.
Иймд дүүргийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх сэтгэл зүйчийн өрөө орчин, нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчийн 19 ерөнхий боловсролын сургууль болон яамны харьяа дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөг тохижуулахад дэмжлэг үзүүллээ.
Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн мэдээлэл солилцох уулзалтад оролцох үеэрээ сургуулиудын сэтгэл зүйч нарын өрөөг тохижуулахаас гадна цаашид бага болон өсвөр насны хүүхдүүд, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд юу шаардлагатай байдаг, дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж дэмжиж ажиллах боломжтой талаар санал солилцлоо.