Ж.Энхбаяр: У.Хүрэлсүх эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх, УИХ, Засгийн газартай хүчээ нэгтгэн ажиллах үзэл санааг мөрийн хөтөлбөртөө тусгасан

3 жил, 7 сар өмнө

МАН-ын Бага хурлын Х хуралдаанаас тус намын дарга, Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн.

Үүний дараа тус МАН-аас Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө гардуулан өглөө. Энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр мөрийн хөтөлбөрийнхөө талаар дараах зүйлсийг онцоллоо.

Тэрбээр "Монгол Ардын нам өнөөдөр намынхаа бага хурлыг зарлан хуралдууллаа. МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын бага хурлын гишүүд 100 хувийн санал өгч, дэмжиж дэвшүүллээ.

Нэр дэвшигч маань өөрийнхөө сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө намын хуралд танилцууллаа. Мөрийн хөтөлбөрийг намын хамт олон мөн 100 хувийн саналаар дэмжиж төрийн аудитын байгууллагад хуулийн нийцэлд тааруулан өргөн барилаа.

Мөрийн хөтөлбөрийн томоохон онцлог нь нэр дэвшигч таван жил орчим Монгол Улсын Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн байсан. Иймд хийсэн, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн маш олон ажлууд, бүтээн байгуулалт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хийсэн томоохон ажлууд байна.

Үүнийгээ үргэлжлүүлэх, дуусгах ажилд хүч өгөх, УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах. Мөн ковид-19 цар тахлын хүнд үед нийгэм эдийн засгийн бүхий л салбарт маш их дарамт, хүндрэл үүсгэж байгаа энэ цаг үед УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван төрийн институци хүчээ нэгтгэн хамтран ажиллах үзэл санааг мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгаж өгсөн.

 Мэдээж Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг  бүхий л салбарын асуудлыг хөндөхийг хичээсэн. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бусад органик хуулиуд, олгогдсон байсан эрх, хэм хэмжээг нэлээн хязгаарласан. Бараг 40 гаруй эрхийг хязгаарласан онцлогтой, эрхзүйн шинэ орчин бий болж байна. 

Сонгуулийн хуулийг бас шинэчилсэн. Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигч ямар нэгэн байдлаар Засгийн газар, УИХ-ын ажилд хутгалдах, орон нутгийн төсөв хөрөнгө мөнгөтэй холбоотой янз бүрийн амлалт өгөх гэх мэт санхүүгийн хязгаарлалтыг нэлээн өндөр тавьсан. 

Маш олон болохгүй зүйл ихтэй сонгууль, хууль үйлчилж байгаа. Ерөнхийлөгчийн гол үүрэг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, монгол төрийн  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын гаадаад бодлогыг гол тодорхойлогч, төлөөлөгч гэсэн ийм агуулга дээр байгаа. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг зөвхөн Үндсэн хуульд заасан тэр эрхийн хүрээнд байх ёстой" гэв.