Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.09.17/ болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд, залуучуудын соёлын ордны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал, Баянгол дүүрэгт 2024 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 124 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилт 75 орчим хувьтай байна. Тодруулбал, энэ онд дүүргийн хэмжээнд авто замын 6 багц төсөл арга хэмжээний хүрээнд Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамж, 25-р эмийн сангийн уулзвараас Чингүнжавын хөшөө хүртэлх, Саппорогийн уулзвараас ГССҮТ хүртэлх авто замуудыг засварлан шинэчлэх ажил хийгдэж дууссан бөгөөд одоо явган хүний замын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж, ажлын явц 65 хувьтай байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа явган хүний замын ажлын явц 80 орчим хувьтай үргэлжилж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга “Иргэдээс явган хүний замыг засварлан шинэчлэх ажил ажил удааширч байна гэсэн гомдол, санал ирж байгаа учраас дээрх ажилд анхаарал хандуулах, гүйцэтгэгч компаниуд хүйтрэхээс өмнө хүн хүчээ нэмж ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх дуусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим зүйлийг онцолсон. Тухайлбал, Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Баянгол хүүхдийн зуслан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Баянгол дүүргийн спорт хороо, Усан спорт сургалтын төв зэрэг боловсрол, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэргэдэх байгууллагууд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран 1-34 хорооны хүүхдүүдийг сургалтад тэгш хамруулах талаар төлөвлөгөө гаргаж ажиллах. Мөн ханиад томуу нэмэгдэж, хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг, хороод, Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран хүүхэд болон ахмадуудыг дархлаажуулалт хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай гэв.
Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгуудад хяналт тавьж, улсын комисс ажиллуулах саналаа холбогдох байгууллагуудад яаралтай хүргүүлэх шаардлагатай байгааг онцлоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
- Намрын мод тарилтын ажил 10 дугаар сард эхэлж байгаатай холбоотойгоор дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтран намрын мод тарилтын төлөвлөгөө, хуваарь гаргах,
-
Холбогдох хэлтсүүд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, орчны тохижилтын ажлыг хийлгүүлэх,
-
Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн газар байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг хийж, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах,
-
Дүүргийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажлуудаа үргэлжлүүлэх, зөвшөөрөлгүй, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хийж буй хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах,
-
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис нөөцлөх ажлаа эрчимжүүлэх,
-
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг ажлын саналаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүргүүлэх,
-
Дүүргийн хэмжээнд хог тээврийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.