Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т боллоо

1 сар, 29 өдөр өмнө

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 86,4 хувьтай байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахын үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд 11-р хороо, Хувьсгалчдын гудамжинд шон дээгүүр дамжсан 400м шилэн кабель утсыг цэгцэлсэн бол 16-р хороо, Энэбишийн хөшөө орчмын ил гарсан цахилгааны тэжээлгүй кабель утсыг тастаж авсан бол дүүргийн хэмжээнд 18 шон тагжуулсан байна. Мөн өнгөрсөн шуурхай зөвөлгөөнөөр дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Татварын хэлтэс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 106 хувь, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 94 хувь, дүүргийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 103 хувиар тус тус биелүүлсэн байна.

Шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, хаврын мод тарилтын төлөвлөгөө, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, гарааш буулгалт болон газар чөлөөлөлтийн ажлын явц, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв болон Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

Түүнчлэн энэ удаагийн дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон хот-Иргэдийн оролцоо" хаврын мод тарих бүх нийтийн аяны хүрээнд "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д болсон бөгөөд энэ жилийн хаврын мод тарилт Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болно. Иймд дүүргийн Удирдах ажилтнуудад хаврын мод тарилттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар өгсөн юм. Баянгол дүүрэгт 2024 онд нийт 160 байршилд 23050 ширхэг мод, 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт, 58,550 ширхэг цэцэг тарихаар төлөвлөн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт Удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах,
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршлуудын судалгааг гаргах,
  • Дүүргийн төрийн байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлэх,
  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах,
  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг бүх атанд эрчимжүүлэх,
  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг яаралтай зохион байгуулах,
  • Тавдугаар сарын 14-нд дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах,
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мол тарих арга хэмжээнд харьяа байгууллага, иргэд , ААНБ-уудыг оролцуулах,
  • 2025 оны орон нутгийн хөгжлийн сан"-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийг оролцуулах,
  • Гэр хорооллын гуу жалга, алсын замуудад түүвэр хог ихтэй байгааг анхаарч, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах